Эмнэлгийн мэргэжилтний “хамгаалах” шинжтэй шийдвэр гаргалт ба түүний үр дагавар

2026-01-02

Улсын Их Хурлын гишүүн Тогтмолын Мөнхсайхан Зөвлөх Б.Буянтогтох

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, өртөг зардал, үр ашиг зэрэг нь орчин үеийн эрүүл мэндийн бодлогын гол асуудлуудын нэг болж байна. Эдгээр зорилгод саад болж буй чухал хүчин зүйлсийн нэг нь defensive medicine гэх ойлголт юм. Defensive medicine-ын  албан орчуулга манайд байдаг талаар хайгаад эс олов.  Хамгаалалтын анагаах ухаан, хамгаалах анагаах ухаан, эрсдэлээс сэргийлсэн эмчилгээ, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх эмчилгээ, эмнэлгийн мэргэжилтний “хамгаалах” шинжтэй шийдвэр гаргалт гэх мэтээр үгчилж болон утгачилж орчуулж болмоор.  Энэ удаа defensive medicine гэдгээр бичвэрээ үргэлжлүүлье. 

 Defensive medicine гэдэг нь эмч хууль шүүхийн маргаан, гомдол нэхэмжлэлээс сэргийлэх зорилгоор  эмнэлзүйн хувьд зайлгшүй биш үйлдэл хийх, эсвэл эсрэгээр нь шаардлагатай боловч эрсдэл дагуулж болзошгүй арга хэмжээг авахгүй байх зан зүйл юм. Олон улсын судалгааны үр дүнг нэгтгэн үзэхэд defensive medicine нь зөвхөн хууль зүйн бодит эрсдэлээс бус, харин эрсдэлийн тодорхой бус мэдрэмж, институцийн итгэлцлийн алдагдал, эмч өвчтөний харилцааны доройтлоос үүдэн төлөвшдөг цогц үзэгдэл болох нь харагдаж байна. Defensive практик нь илүүдэл оношилгоо, баталгаажуулах шинжилгээг нэмэгдүүлэх эерэг хэлбэрээс гадна, эрсдэлтэй боловч эмнэлзүйн хувьд ач холбогдолтой тусламж үйлчилгээнээс зайлсхийх сөрөг хэлбэрээр илэрч, эрүүл мэндийн зардал, тусламжийн хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг байна. 

Defensive medicine-ны ойлголт  анх эмч нарын эмнэлзүйн шийдвэр гаргалтад хууль зүйн эрсдэл хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах зорилгоор үүсэж, улмаар эрүүл мэндийн бодлого, өртөг-зардал, тусламж үйлчилгээний чанарын судалгаанд чухал байр суурь эзлэх болсон. Эрт үеийн судалгаанууд уг ойлголтыг  шалтгаан үр дагаврын энгийн логик дээр суурилуулан, эмчийн зан үйлийг шүүх маргааны (litigation) айдастай шууд холбон тайлбарлаж ирсэн байдаг.

Ries & Jansen (2021) нар “defensive medicine ”-ыг ихэвчлэн “hedging-type defensive behaviour” буюу эмч өөрийгөө болзошгүй хууль зүйн эрсдэлээс хамгаалах зорилгоор эмнэлзүйн хувьд зайлшгүй шаардлагагүй боловч “аюулгүй” гэж үзсэн үйлчилгээ үзүүлэх зан үйл хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд defensive medicine  нь шаардлагагүй лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээ хийлгэх, өвчтөнийг  дээд шатны байгууллагад илгээх, эмнэлэгт хэвтүүлэх, эсвэл өвчтөний түүх, эмчилгээний явцыг хэт нарийвчлан баримтжуулах хэлбэрээр илэрдэг гэж үздэг. Ийм тайлбар нь шаардлагагүй эмчилгээ, оношилгоо улмаар эрүүл мэндийн зардлын өсөлтийн гол шалтгаануудын нэг хэмээн ойлгогдох болж ирсэн.

Гэвч энэхүү тайлбар нь defensive medicine-г хэт нэг талаас, шалтгааныг нь зөвхөн хууль шүүхийн айдсаар хязгаарласан гэсэн шүүмжлэлд өртдөг. Үүнийг Lorenc et al. (2024)-ийн чанарын тойм судалгаа  илүү тодорхой харуулсан. Тэдний судалгаанд хамрагдсан эмч, клиник мэргэжилтнүүд defensive medicine бодит практикт “саарал бүсэд” оршдог, эмчийн болгоомжлол, өвчтөний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үүрэгтэй салшгүй холилдсон үзэгдэл гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл нэг эмчийн хувьд “хамгаалах” гэж үзэх шийдвэр нөгөө эмчийн хувьд тухайн нөхцөл байдалд тохирсон, зүй ёсны болгоомжлол байж болох юм.

Энэхүү чанарын нотолгоо нь defensive medicine  эмнэлзүйн оновчтой шийдвэрээс хазайсан эсэхээр нь тодорхойлох нь бодит практикт учир дутагдалтайг харуулж байна. Эмнэлзүйн тодорхой бус байдал (clinical uncertainty), өвчтөний эрсдэлийн түвшин, эмчийн туршлага, байгууллагын дэмжлэг зэрэг хүчин зүйлс нь тухайн шийдвэрийг “хамгаалах” эсэхийг бодитоор ялган салгах боломжийг хязгаарладаг. Иймд defensive medicine  нь эмнэлзүйн хувьд “зөв” эсвэл “буруу” гэсэн хоёр туйлт логикоор хэмжигдэхээс илүүтэй, стандарт шинжтэй, үнэлгээ, тайлбар шаардсан ойлголт болох нь харагдаж байна.

Үүний зэрэгцээ Lorenc et al. (2024) defensive medicine  нь зөвхөн буруутгалын бодит эрсдэлээс бус, харин мэргэжлийн бие даасан байдал алдагдах, байгууллагын түвшинд дахь эмнэлзүйн алдаанд хандах соёл, өвчтөн эмчийн харилцаанд итгэлцэл буурах зэрэг өргөн хүрээтэй институцийн ба нийгмийн хүчин зүйлсийн илэрхийлэл байж болохыг онцолсон. Энэ утгаараа defensive medicine нь эмчийн хувь хүний зан үйлийн асуудал бус, харин эрүүл мэндийн тогтолцооны зохион байгуулалт, соёлын асуудлыг тусгасан системийн үзэгдэл хэмээн ойлгох шаардлагатай.

Иймд defensive medicine  хөгжил нь анхны нэг түвшинт тайлбараас холдож, эмнэлзүйн шийдвэр гаргалтын нарийн төвөгтэй байдал, мэргэжлийн үнэт зүйл, байгууллагын орчны нөлөөг хамтад нь авч үзэх олон түвшинт хандлага руу шилжиж байна гэж дүгнэж болно. Энэхүү шилжилт нь defensive medicine-г бууруулах бодлого, менежментийн шийдлийг гаргаж ирэх хэрэгтэйг харуулж байна. 

Амьдрал дээр “defensive medicine ” оршин байгаа дараах хэлбэрүүд байна

Энэ талаар хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад defensive medicine  нь нэгэн жигд, ганц хэлбэрээр илрэх бус, эмчийн эмнэлзүйн шийдвэр гаргалтын янз бүрийн үе шатанд олон хэлбэрээр илэрдэг цогц зан үйл  болох нь тогтоогдсон.  Эдгээр хэлбэрүүд нь  өвчтөний тусламж үйлчилгээний чанар, эрүүл мэндийн тогтолцооны зардал, нөөцийн ашиглалттай шууд болон шууд бус байдлаар холбогддог байна. 

Шаардлагагүй оношилгоо, давтан үзлэг,хяналт

Defensive medicine-ны хамгийн түгээмэл илрэл нь шаардлагагүй  оношилгоо, хэт их хяналт юм. Үүнийг эмнэлзүйн хувьд зайлшгүй шаардлагагүй лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоо (рентген, СТ, MRI), байнгын хяналт, давтан үзлэг зэргээр өргөн хүрээнд илэрдэг. Ries & Jansen (2021)-ийн  судалгаанд хамрагдсан эмч нарын дийлэнх нь “ямар нэгэн ноцтой эмгэгийг алдахгүй илрүүлэх” зорилгоор, эсвэл болзошгүй хууль зүйн маргаанаас зайлсхийх үүднээс ийм төрлийн шийдвэрийг гаргадаг гэж хариулсан байна.

Гэхдээ Lorenc et al. (2024)-ийн чанарын судалгаанууд шаардлагагүй  оношилгоо нь зөвхөн буруутгагдах айдсаар тайлбарлагдахгүйг харуулсан. Эмч нар эмнэлзүйн тодорхой бус байдал, өвчтөний аюулгүй байдалд хариуцлага хүлээх мэргэжлийн үүрэг, сөрөг үр дагавар гарвал өөрийгөө буруутгах сэтгэл зүй зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр “болгоомжлох” хэлбэрээр шаардлагагүй шинжилгээ хийлгэх нь элбэг байдаг. Иймд шаардлагагүй оношилгоо нь defensive medicine  ба  эмнэлзүйн болгоомжлол хоёрын огтлолцол дээр оршдог хэлбэр хэмээн үзэх нь зүйтэй юм.

Дараагийн шатны эрүүл мэндийн байгууллага рүү илгээх, шилжүүлэх 

Өөр нэг түгээмэл хэлбэр нь өвчтөнийг дээд шатны эмнэлэг, тусгай төв, эсвэл илүү өндөр түвшний эмнэлэгт шилжүүлэх шийдвэр юм. Эмч нар онош тодорхойгүй, эмнэлзүйн хувьд эргэлзээтэй, эсвэл өвчтөн сэтгэл түгшсэн тохиолдолд аюулгүй талд шийдвэр гарган илгээх болон шилжүүлэх хандлагатай байдаг. Энэ нь эмчийн хувьд хариуцлагыг хуваалцах, эсвэл өөрөөсөө холтгох нэг хэлбэр гэж ойлгогддог.

Ries & Jansen (2021)-ийн судалгаанд  дараагийн шатанд илгээх шийдвэрийн тодорхой хувь нь эмнэлзүйн үндэслэлээс гадна хууль зүйн эрсдэлийн талаарх болгоомжлолтой холбоотой болохыг тэмдэглэсэн. Харин Lorenc et al. (2024)-ийн чанарын нотолгоо өвчтөн дараагийн шатлалд илгээх нь зарим тохиолдолд байгууллагын дотоод журам, клиник удирдамж, ахлах, зөвлөх эмчийн манлайлал, эсвэл хамт олны дэмжлэг сул байхтай холбогддог болохыг харуулсан. Иймд өвчтөн шилжүүлэх шийдвэр нь defensive medicine-ны илрэл төдийгүй байгууллагын зохион байгуулалтын асуудлыг тусгасан үзэгдэл байж болзошгүй юм. 

Баримт хөтлөлтийн араас хэт хөөцөлдөх 

Чанарын тойм судалгаагаар defensive medicine-ны хамгийн тогтвортой, нийтлэг илрэл нь  баримтжуулалтын араас хэт хөөцөлдөх болохыг Lorenc et al. (2024) онцолсон. Эмч нар эмнэлзүйн шийдвэр, үзлэг, эмчилгээний явцыг өөрийгөө хамгаалах зорилгоор хэт дэлгэрэнгүй, давхардсан байдлаар тэмдэглэх хандлагатай байдаг. Үүнд сөрөг шинж тэмдгийг үгүйсгэсэн хэт урт жагсаалт, шийдвэр гаргалтын үндэслэлийг давтан тайлбарлах, албан ёсны хэллэг ашиглах зэрэг ордог байна. 

Энэ төрлийн defensive medicine  нь шууд эмчилгээний шийдвэрийг өөрчлөхгүй мэт боловч эмчийн цаг, анхаарлыг өвчтөнөөс илүү бичиг баримтад төвлөрүүлэхэд хүргэж, улмаар тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Баримтжуулалтын хэт ачаалал нь мэргэжлийн бие даасан байдал буурах, ажлын сэтгэл ханамж багасах, ажлаас халшрах байдал нэмэгдэхэд ч нөлөөлдөг гэж судалгаанд дурдсан.

Хэт их эмчилгээ хийх болон мэс засал хийх хандлага нэмэгдэх

Defensive medicine  нь зарим тохиолдолд эмчилгээний шийдвэрийн түвшинд илэрч,  шаардлагагүй эмчилгээ, тэр дундаа мэс заслыг сонгох хэлбэртэй байдаг байна.  Ялангуяа эх барих, мэс заслын салбарт энэ төрөл илүү тод илэрдэг. Кесарево хагалгаа нь эмнэлзүйн хувьд зайлшгүй биш боловч болзошгүй эрсдэл, маргаанаас зайлсхийх зорилгоор сонгогдох “сонгодог” хамгаалах эмчилгээний жишээ гэж олон судалгаанд дурдагдсан.

Lorenc et al. (2024)-ийн судалгаанд оролцогчид ийм төрлийн шийдвэр нь ихэнхдээ болгоомжлолын нөлөөгөөр гардаг бөгөөд эмнэлзүйн үндэслэлтэй шийдвэрээс ялгах нь бодит практикт тун хэцүү байдгийг онцолсон. 

Өндөр эрсдэлтэй өвчтөнөөс зайлсхийх

Defensive medicine-ны  илүү сөрөг хэлбэрийн нэг нь өндөр эрсдэлтэй, эсвэл эмнэлзүйн хувьд төвөгтэй өвчтөнөөс зайлсхийх  үзэгдэл юм. Үүнд хавсарсан хүнд өвчтэй, урьд өмнө гомдол гаргаж байсан, эсвэл эмчилгээний үр дүн тодорхойгүй өвчтөнүүд багтдаг. Зарим эмч нар ийм өвчтөнүүдийг өөр эмчид шилжүүлэх, тодорхой үйлчилгээ үзүүлэхээс татгалзах хандлагатай байдаг.

Энэ хэлбэрийн defensive medicine  нь өвчтөний тэгш хүртээмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна эрүүл мэндийн тогтолцоонд эмзэг бүлгийн иргэдийн эрсдэлийг нэмэгдүүлэх ноцтой үр дагавартай. Судалгаануудын дүгнэлтээр энэхүү зан үйл нь ихэвчлэн хууль зүйн айдсаас гадна байгууллагын дэмжлэг сул, хамт олны хамгаалалтгүй орчинд илүү түгээмэл илэрдэг байна.

DEFENSIVE MEDICINE  ҮҮСЭХ ШАЛТГААН

Defensive medicine  нь эмчийн хувь хүний зан үйлийн сонголтоор хязгаарлагдахгүй, харин эрүүл мэндийн тогтолцооны олон түвшний хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүсдэг цогц үзэгдэл юм. Үүсэх шалтгааныг макро (хууль, бодлого), мезо (байгууллага, менежмент), микро (эмч, эмнэлгийн мэргэжилтэн) түвшинд ангилан тайлбарлах нь бодлогын хувьд оновчтой гэж үзэж байна.

Макро түвшин (хууль эрх зүй, тогтолцоо )

Макро түвшинд defensive medicine  үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой маргааны нэхэмжлэл, өвчтөний гомдол, мэргэжлийн хяналт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн зэрэг зохицуулалтын орчин хэт чанга байх эсвэл тодорхой бус байх байдал юм. Уламжлалт ойлголтоор defensive medicine   нь хууль бус үйлдлийн шүүх ажиллагааны айдастай шууд холбоотой гэж тайлбарлагдсаар ирсэн. Ялангуяа АНУ зэрэг шүүхийн нэхэмжлэлийн эрсдэл өндөртэй орнуудад эмч нарын зан үйлд энэхүү айдас хүчтэй нөлөөлдөг болохыг олон тоон судалгаанууд харуулдаг (Ries & Jansen, 2021).

Гэвч сүүлийн үеийн нотолгоо нь defensive medicine-ыг зөвхөн хууль эрх зүйн хатуу орчинтой холбох нь хангалтгүйг харуулж байна. Lorenc et al. (2024)-ийн чанарын тойм судалгаагаар no-fault[1] нөхөн олговрын тогтолцоотой, шүүхийн маргаан харьцангуй ховор орнуудад ч defensive medicine  өргөн тархсан хэвээр байгааг онцолсон. Энэ нь эмчийн зан үйлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бодит шүүхийн маргааны эрсдэл бус, харин хууль зүйн эрсдэлийг эмч нар хэрхэн хүлээн авч, төсөөлж байгаатай илүү холбоотой болохыг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, бодлогын түвшинд хариуцлага, стандартчилал, удирдамж, хяналтын механизм хүчтэй байх тусам эмчийн эмнэлзүйн шийдвэр гаргах бие даасан байдал хумигдаж, аливаа алдаа хувь хүний хариуцлагад төвлөрөх хандлага нэмэгддэг. Ийм орчинд defensive medicine  нь эмчийн хувьд бодлогын орчинд дасан зохицох “хамгаалах стратеги” болж хувирч болзошгүй. Иймд макро түвшний бодлого нь defensive medicine-ыг өдөөхөөс илүүтэйгээр тодорхой бус байдал, эрсдэлийг хамтад нь хуваалцах чиглэлд хөгжих шаардлагатайг судалгаанууд дүгнэж байна.

Мезо түвшин (байгууллага, менежмент)

Мезо түвшинд, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагын түвшинд defensive medicine  үүсэхэд байгууллагын соёл, удирдлагын дэмжлэг, хамт олны харилцаа чухал үүрэгтэй. Lorenc et al. (2024)-ийн судалгаанд оролцогч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд defensive medicine-ыг ихэвчлэн байгууллагын буруутгах соёлтой холбон тайлбарласан байдаг. Алдаа гарсан тохиолдолд шалтгааныг системийн түвшинд бус хувь хүнд ногдуулах, эмчийг хамгаалах бус хариуцлага хүлээлгэх хандлагатай орчин хамгаалах зан үйлийг өдөөх хүчтэй хүчин зүйл болдог.

Байгууллагын удирдлага, ахлах, зөвлөх эмч, мэргэжлийн хамт олноос ирэх дэмжлэг сул байх үед эмч нар эмнэлзүйн эрсдэлийг дангаараа үүрэхээс зайлсхийж, шаардлагагүй шинжилгээ, дараагийн шатлалд илгээх, хэт их баримтжуулалтаар өөрийгөө хамгаалах хандлага нэмэгддэг. Ries & Jansen (2021)-ийн тоймд хамрагдсан судалгаануудад хамт олны дэмжлэгтэй, ил тод гомдол шийдвэрлэх механизм бүхий байгууллагад defensive medicine  харьцангуй бага илэрдэг болохыг тэмдэглэсэн.

Микро түвшин (эмч, эмнэлгийн мэргэжилтэн)

Микро түвшинд defensive medicine  үүсэх нь эмчийн хувь хүний зан төлөв, туршлага, сэтгэл зүйн хүчин зүйлстэй нягт холбоотой. Судалгаануудын дүнд тодорхой бус байдлыг тэсвэрлэх чадвар сул, эмнэлзүйн туршлага багатай, эсвэл өмнө нь гомдол, шүүхийн маргаанд орж байсан эмч нар хамгаалах зан үйлд илүү өртөмтгий байдаг нь тогтоогдсон (Ries & Jansen, 2021).

Lorenc et al. (2024)-ийн чанарын судалгаанд эмч нар хамгаалалтын зан үйлийн практикийг ихэвчлэн бодит хууль шүүхийн туршлагаас бус, харин өөр хэн нэгэнд тохиолдсон сөрөг явдлын тухай сонссон дурсамж, айдас, төсөөлөлтэй холбон тайлбарласан. Энэ нь хамгаалах зан үйл нь  бодит  эрсдэлийн үнэлгээнээс илүүтэй сэтгэл зүйн болон мэргэжлийн эмзэг байдлын илэрхийлэл байж болохыг харуулж байна.

Түүнчлэн өвчтөнтэй харилцах ур чадвар хамгаалах зан үйлд  чухал нөлөөтэй. Өвчтөнтэй итгэлцэлтэй харилцаа тогтоож чаддаг, эрсдэлийг хамтад нь тайлбарлаж, шийдвэр гаргадаг эмч нар хамгаалах зан үйлд  харьцангуй бага автагддаг гэж судалгаанд дурдсан. Харин өвчтөн эмчийн харилцаа зөрчилтэй, сэтгэл түгшүүр ихтэй нөхцөлд энэ байдал илүүтэй ажиглагддаг байна. 

DEFENSIVE MEDICINE Ы ҮР ДАГАВАР 

Defensive medicine  нь эмнэлзүйн шийдвэр гаргалтын нэг удаагийн тактик бус, тогтолцооны түвшинд давтагдан тогтсон зан үйл болсноор эмч, өвчтөн, эрүүл мэндийн системд олон талын сөрөг үр дагавар үүсгэдэг. Үүний үр дагаврыг эмч, эмнэлгийн мэргэжилтний түвшин, үйлчлүүлэгчийн түвшин, тогтолцооны түвшин гэсэн гурван шатанд авч үзэх нь бодлогын хувьд оновчтой мэт санагдана. 

Эмч, эмнэлгийн мэргэжилтний түвшинд

Defensive medicine-ны хамгийн эхний, шууд мэдрэгддэг үр дагавар нь эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн бие даасан байдал буурах явдал юм. Эмч нар эмнэлзүйн мэдлэг дээрээ тулгуурлан шийдвэр гаргахын оронд, болзошгүй гомдол, хяналт, хууль шүүхийн маргаанаас зайлсхийх сэтгэл зүйд захирагдан аюулгүй сонголтыг давамгай хийх хандлагатай болдог. Lorenc et al. (2024)-ийн чанарын судалгаанд оролцогчид үүнийг мэргэжлийн үнэт зүйл алдагдаж, эмчийн үүрэг эмнэлзүйн шийдвэр гаргагчаас баримт бичиг бүрдүүлэгч рүү шилжиж байгаатай холбон тайлбарласан.

Мөн хамгаалах зан үйл нь эмчийн стресс, ажлын ачааллыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Шаардлагагүй шинжилгээ, давтан баримтжуулалт, өөрийгөө байнга “хамгаалах” шаардлага нь сэтгэл зүйн дарамт үүсгэж, урт хугацаандаа ажлаас халшрах хандлагад хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ries & Jansen (2021)-ийн тоймд хамгаалалтын зан үйл ихтэй эмч нар ажлын ядаргаа, мэргэжлийн сэтгэл гутралд илүү өртөмтгий болохыг тэмдэглэсэн байдаг.

Үүний үр дүнд эмчийн ажил мэргэжлийн сэтгэл ханамж буурах, эмнэлзүйн ажилдаа итгэх итгэл сулрах хандлага ажиглагддаг. Мэргэжлийн хувьд зөв гэж үзсэн шийдвэрээ гаргаж чадахгүй байх, эсвэл байнга болгоомжлолын горимд ажиллах нь эмчийн мэргэжлийн өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлж, улмаар салбараас гарах, мэргэжлээ солих эрсдэлийг ч нэмэгдүүлдэг.

Үйлчлүүлэгчийн түвшинд

Эмнэлзүйн хувьд үр ашиг багатай, эсвэл өвчтөнд бодит үр дүн авчрахгүй шинжилгээ, эмчилгээ хийх, дараагийн шатанд илгээх шийдвэрүүд олширсноор өвчтөн шаардлагагүй оношилгоо, эмчилгээнд өртөх эрсдэл нэмэгддэг. Энэ нь зөвхөн санхүүгийн дарамт төдийгүй, бусад эрсдэл (жишээлбэл, антибиотикийн тэсвэр, эмийн гаж нөлөө) дагуулж болзошгүй.

Мөн шаардлагагүй оношилгоо, хэт их үзлэг, хяналт, нягтлал нь өвчтөний эрүүл мэндийн талаарх түгшүүрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Хэвийн байдлыг эмгэг мэт ойлгуулах, эсвэл ач холбогдол багатай шинжилгээний өөрчлөлтийн хойноос  өвчтөнийг шаардлагагүй эмчилгээнд  оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Эмч өөрийгөө хамгаалах зорилгоор албан ёсны, хууль зүйн хэллэг давамгайлсан харилцааг баримтлах нь итгэлцэлд суурилсан хамтын шийдвэр гаргалтыг сулруулж, өвчтөнийг эмчилгээний идэвхтэй оролцогч бус, харин эрсдэлийн эх үүсвэр мэт хүлээн авах сөрөг хандлагыг бий болгодог байна. 

 

Тогтолцооны түвшинд

Тогтолцооны түвшинд defensive medicine  нь эрүүл мэндийн зардлын үр ашиггүй байдлын чухал хүчин зүйл болдог. Шаардлагагүй шинжилгээ, дараагийн шатанд өвчтөн илгээх, хэрэгцээгүй эмчилгээ нь тусламж үйлчилгээний нэгж зардлыг нэмэгдүүлж, хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй байдал рүү хөтөлдөг. Үүний зэрэгцээ defensive medicine  нь нөөцийн буруу хуваарилалт үүсгэдэг. Нэг өвчтөнд илүү их нөөц зарцуулснаар бусад өвчтөнд ноогдох тусламжийн боломж хумигдаж, тэгш хүртээмж алдагдах эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь эрүүл мэндийн тогтолцооны үр ашиг, шударга байдлын аль алинд нь сөргөөр нөлөөлнө.

Мөн хамгаалах зан үйл удаан хугацаанд тогтворжих үед “аюулгүй” гэж үзсэн шаардлагагүй үйлдлүүд стандарт болон хувирч, эмнэлзүйн шаардлагаас давсан стандартад суурилсан тусламж үйлчилгээ болон тогтдог. Ийм нөхцөлд анх “хамгаалах” зорилгоор хэрэгжсэн практик нь хэвийн, зайлшгүй гэж хүлээн зөвшөөрөгдөж, эрүүл мэндийн тогтолцооны үр ашиггүй байдлыг улам гүнзгийрүүлдэг.

БОДЛОГЫН ТҮВШНИЙ ШИЙДЛҮҮД

Defensive medicine-ыг  бууруулахад ганц төрлийн бодлогын арга хэмжээ хангалтгүй бөгөөд хууль эрх зүй, байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтний түвшинд зэрэг хэрэгжих цогц, уялдаатай хандлага зайлшгүй шаардлагатай байна. Хамгаалах зан үйл нь эрсдэлийг эмчид дангаар нь үүрүүлсэн орчноос үүдэн тогтдог тул бодлогын гол зорилт нь эрсдэлийг хуваалцах, ойлгомжтой болгох, итгэлцлийг сэргээх чиглэлд төвлөрөх ёстой.

Хууль эрх зүй, тогтолцооны түвшинд

Энэ түвшинд хууль эрх зүйн орчныг тодорхой болгож гомдол, нөхөн олговрын шударга, ил тод, урьдчилан таамаглах боломжтой тогтолцоог бүрдүүлэх явдал юм. 

  • гомдол, маргааныг шийдвэрлэх үйл явцыг илүү хурдан, ил тод болгох,
  • эмчийг “буруутгах” бус, системийн шалтгааныг тодруулах хандлагыг дэмжих,
  • нөхөн олговор, хариуцлагын хүрээг тодорхой, ойлгомжтой болгох
    зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгаалах зан үйлийг өдөөх тодорхой бус байдлыг багасгана.

Бодлогын орчинд эмчийг дангаар нь хариуцлага үүрэгч мэт байршуулж буй нөхцөлд хамгаалах зан үйл нь эмчийн хувьд “амьд үлдэх стратеги” болж хувирдгийг онцолсон. Иймд макро түвшний бодлого нь алдаа, эрсдэлийг хувь хүнд бус тогтолцоонд хамааруулан авч үзэх зарчимд тулгуурлах шаардлагатай.

Байгууллага, менежментийн түвшинд

Энэ түвшинд defensive medicine-ыг бууруулахад байгууллагын соёл, удирдлагын хандлага хамгийн чухал нөлөөтэй. Алдааг шийтгэх бус, суралцах боломж болгон ашигладаг байгууллагын соёл хамгаалах зан үйлийг бууруулахад чухал болохыг онцолсон.

Байгууллагын түвшинд:

  • алдаа, сөрөг үр дагаврыг хувь эмчид ногдуулах бус, хамтын дүгнэлт хийх,
  • гомдол, маргаанд өртсөн эмчид сэтгэл зүй, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

Мөн эмнэлзүйн удирдамж, протоколыг уян хатан,  нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх нь эмчийн мэргэжлийн сэтгэн бодох чадамжийг хадгалах, “журам зөрчихөөс айх” соёлоос ангид байхад чухал. Ийм орчинд хамгаалах зан үйл нь байгууллагын соёлын доголдлын илрэл бус, харин эмнэлзүйн бодит хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргалтаар солигдох боломж бүрдэнэ.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний түвшин 

Энэ түвшинд defensive medicine-ыг бууруулах бодлогын гол чиглэл нь эмчийн чадавх, итгэл, ойлголтыг бэхжүүлэхэд чиглэнэ. Өвчтөнтэй үр дүнтэй харилцах, тодорхой бус байдлыг хүлээн зөвшөөрөх чадвар сайтай эмч нар хамгаалах зан үйлд харьцангуй бага өртдөг болохыг тэмдэглэсэн.

Иймд эмчийн түвшинд:

  • харилцааны ур чадвар, хамтын шийдвэр гаргалтын сургалт,
  • эрсдэлийг өвчтөнтэй хамт тайлбарлах, ойлголцох арга барил,
  • хууль эрх зүйн бодит ойлголт олгох зэрэг нь хамгаалах зан үйлийг багасгахад чухал үүрэгтэй.

Мөн энэ түвшний бодлого нь эмчийг “эрсдэлээс зугтаах” бус, эрсдэлийг мэргэжлийн хүрээнд зөв удирдах чадварт сургах чиглэлд анхаарах шаардлагатай.

Дүгнэж хэлбэл defensive medicine-ыг бууруулах бодлого нь хууль эрх зүйн өөрчлөлтөөр хязгаарлагдах бус, байгууллагын соёл, эмчийн чадавхыг хамтад нь сайжруулсан, олон түвшинт хандлагад тулгуурлах ёстой. Ийм цогц бодлого хэрэгжсэн тохиолдолд хамгаалах зан үйлийг өдөөж буй айдас, тодорхой бус байдал буурч, эмнэлзүйн оновчтой шийдвэр гаргалт, нөөцийн үр ашигт эерэг өөрчлөлт гарах боломж бүрдэнэ.

Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Эрүүл мэндийн ажилтны тухай” анхдагч хуулийг санаачлан боловсруулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн Тогтмолын Мөнхсайхан хариуцан авч хэрэгжүүлж байна. Уг хуулиар эрүүл мэндийн салбарын хүний нөөцтэй холбоотой олон чухал асуудлыг анх удаа бие даасан, тодорхой эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэх зорилт тавигдаж буй нь онцлог юм.

Хуулийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгааны явцад эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн байдал, хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн баталгаа, хариуцлага, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудал хөндөгдөж байгаа тул эдгээрийг салбарын түвшинд нээлттэй хэлэлцэх нь зүйтэй юм. Иймд уг сэдвийг нийтлэл хэлбэрээр боловсруулан, эрүүл мэндийн салбарын эрхэм нөхдийн сонор мэлмийд хүргэхийг зорьж байна.

Энэ бол нэг удаа бичигдээд орхигдох сэдэв бус, цаашид тасралтгүй хэлэлцэгдэж, улам баяжиж, бодлогын шийдэлд хүрэх учиртай чухал асуудал юм. Тиймээс энэхүү бичвэрт маань алдаа мадаг, дутуу орхигдсон санаа байвал уншигч та бүхэн уучлан өршөөж, өөрсдийн санал бодол, шүүмжлэлээ харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг эрх зүйн хувьд бэхжүүлэх энэхүү шинэчлэл бодит үр дүнгээ өгч, салбарын хөгжилд бодит ахиц авчрах болтугай. 2026 он бид бүхэнд олон сайн сайхан өөрчлөлтийг авчрах болтугай.